Цахилж яваа гөрөөс номын тэмдэглэл
Д.Батбаяр Цахилж яваа гөрөөс номыг саяхан л уншиж үзлээ. Хэтэрхий орой уншсан байна шүү гэж өөрийгөө багахан зэмлэх сэтгэгдэл төрсөн.
Зохиолын үйл явдлыг нэг бүрчлэн ярих нь утгагүй гэж бодно. Ямартай ч өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцая. Хүн, хайр сэтгэл, шунал, хүсэл тачаал зэрэг зүйлс үргэлж л утга зохиол, дуу хөгжим, шүлэг найраглалын гол агуулга байдаг билээ. Хэдий амьтнаар илэрхийлэн гол дүрээ болгон өөрчилсөн ч тэнд бидний үргэлж мэдэрдэг өнөөх л мэдрэмжүүд бичигдсэн байдаг билээ. Гол дүрийн баатрууд маань тэд юм. Өнөөх л хайр сэтгэл. Нэг хүнээ насаараа хайрлах амлалт өгчихсөн хоёр хос, тэдний дундаас хайрын бэлгэдэл биелэл нь болсон хүү нь. Гэвч энд өөр нэгэн зүйл байгаа нь гуравдагч хайр болох нөхөр нь өөр эмэгтэйг хайрлах, хүсэх болсон сэтгэл. Хичнээн гэр бүл болчихсон боловч нэг л зүйл хүнд дутагдсаар түүнийгээ л эрэлхийлсээр төөрч будилж явдаг буй за. Уншиж дуусаад яагаад ч юм хүнд оргих мэдрэмж, хэрэв бүтэн амьдралаа энэ хоёр хүн авч үлдсэн бол, хэсэгхэн зуурын хүсэл тачаалд автагдаагүй бол гэж бодохоор энэ зохиол эхнээсээ бичигдэхгүй байсан биз. Бичигдэх болсон учир шалтгаан нь тул тэгж эргэцүүлээд ч яах билээ. Гэвч эмэгтэй хүний асар их тэвчээр, асар их хайрын талаар өгүүлэгдэх энэ зохиолд хэрэв нөхөртөө яв гэж хэлээгүй бол гэх харамсал, хэрвээ буцаад явчихвал би яах билээ гэх айдастай аж төрөх хоёр эмэгтэй. Хэн хэнд нь сэтгэлээ өгөх залуу гардаг.
Хүний сэтгэл гэх харагддаггүй, баригддаггүй эрхтэн. Нөхрөө л дэргэд үгүй бол аж амьдрал нь хэцүү мэт санагдах сэтгэл нь ердөө л өөртөө итгэх итгэлгүй байхдаа, өөрийгөө таниагүй байхдаа өөрт нь хайртай болсон залууд өөрөө ч мөн сэтгэл алдарчихсан тэр эмэгтэй. Өөрийгөө хичнээн хүчтэй гэдгийг сорьж үзээд мэдэж авч буйд нь талархмаар. Хорвоогийн олон үйл явдлыг эргэцүүлсээр хамгийн энэрэнгүй, өгөөмөр шийдвэрийг гаргаж чадсан нь гайхалтай. Гэвч нөхрөө хүлээх болсон зүйлсд итгэхгүй байгаа тэр сэтгэл нь үнэхээр ойрхон байсан. Бид угаасаа л болчихсон үйл явдлын араас багахан хүлээлтээ тавьж мартчихаад, түүгээрээ өөрийгөө тэжээсээр амьдардаг болохыг үгээр мэдэртэл илэрхийлж, нүдэнд Дэжид гэх эмэгтэй гэрээ цэвэрлэн, өөрийгөө тордон, нөхрөө хүлээсээр байгаа нь харагдсансан.
Өөрийгөө хичнээн хүчлээд ч санаснаар болдоггүй тэр сэтгэл ХАЙР. Хүнийх гэдгийг нь мэдсээр байгаа хэрнээ өөрийн сэтгэлийг өгчихөөд цаашид болох зүйлсийг ч огоорон итгэж хайрлах бас нэгэн эмэгтэй. Хүрээд ир, намайг хайрла гэж хэлэхгүй ч хүрээл ирвэл хөөж явуулахгүй, хүнээс ч айхгүйгээр хайрлах тэр сэтгэл яг хаанаас эхэлж, хаана орших нь соньхон. Мөн л хорвоог мэдэхгүй байх насандаа хүний эрд дурлан хайрласаар л.
Өөрт нь хайртай эхнэртэй, хүүтэй хэрнээ өөрийг хайн тэмүүлэх сэтгэл хаанаас ургаж гарч ирсэн нь мэдэгдэхгүй мэт. Яагаад тэгэх болсноо, яагаад тэнд хүрчихсэнээ ч эргэцүүлэхгүй нэг л мэдэхэд эхнэрээ хууран, эхнэртээ сэтгэлгүй болж, хөрч хуучирчихсан. Хэн хэний буруу гэлтэй билээ гэж бодмоор, хэнд ч буруу өгөх аргагүй гурвалсан хайр. Хүүгээ хараад, өөрийн гэртээ ирэхээр өөрийнх нь сэтгэл, цаг, хүчээ зориулан босгосон амьдрал нь сайхан санагдах ч тогтож, үлдэхгүй байгаа нь хэцүү.
Төгсгөлд нь гарах цахилж яваа гөрөөсийн хүрэл баримлыг үлдээж явах нь өөрт нь нэгэнт буцаж ирэхгүй гэдгийг нэгэнтээ ойлгон, бууж өгөх сэтгэлийн хүчийг илэрхийлсэн бэлгэ тэмдэг юмдаа. Зохиолыг тэгж дуусна гэж огт төсөөлөөгүй, магадгүй аз жаргалтайгаар буцан ирж Тогоохүү ч хүний хүнийг хайрлаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөд, Дарма ч өөрийн хайртай хүн нь Дэжид, хүү 2 нь гэдгийг ухаарч ойлгоод, Дэжид нөхрийнхөө хийсэн алдааг уучилж амьдрах байх гэх горьдлого байсан нь үнэн. Гэвч төгсгөл хэзээ ч төгсгөл байдаггүй шүү дээ. Цаашид юу болсон бол гэж хүлээхээр төгсөж чадсан нь уншигч надад бодол үлдээж, мартахын аргагүй болгож өглөө.
Цахилж яваа гөрөөстэй зүүдийн утгыг бүрэн ухаарч ойлгоогүй боловч нэгэнтээ өөрийнх нь хүн байхаа больж, сэтгэл нь өөр газарт оччихсон гэдгийг зугтаж одсоноор төлөөлүүлсэн гэж таамаглаж байна.
Хүний мэдрэмжүүдийг хэрхэн утга төгөлдөр гаргаж байгаа нь энэхүү зохиолчийн мэдрэмж, дүрслэлээс, дүрүүдээс мэдрэгдсэн дээ.
Ямартай ч би 4 баатрыг цаашид хэрхэснийг бодсоор л явах байх даа.
Comments
Post a Comment