Өргөст модны дуут шувуу ба би
Амьдралдаа ганц бус удаа бусдаас илүү сайхан дуулдаг шувууны тухай эртний домог буй. Нэг өдөр тэрээр үүрээ орхиж, үүргэний бут олохоор санаа нь үл амран нисдэг. Тэрээр бутны мөчир дундаас хамгийн урт, хурц өргөстэйг нь олж, түүн рүү хамаг хүчээрээ нисэн очиж шорлогддог. Өөрийн энэ зовлонг давж, сүүлийн амьсгалаа хураах хүртлээ дуулж жиргэдэг. Энэ дуу нь алтан гургалдай атаархам сайхан бөгөөд амины үнэтэй цорын ганц, юутай харьцуулашгүй аялгуу аж. Тэр дууг дэлхий амьсгаа даран чагнаж, тэнгэрт Бурхан хүртэл инээмсэглэдэг. Учир нь энэ хорвоод сайн сайханд хүрэхийн тулд асар их зовлонг даван туулах хэрэгтэй байдаг.....гэж домогт өгүүлжээ. Мөн амьдрал гэж чухам юусан билээ. Бидний шунан тэмүүлж, утга учрыг нь олох гэж зүтгэх амьдрал ердөө өргөст мөчир бол, тэр мөчирт сүвлэгдэн, өвдөлтөө давж гарахын тулд илэрхийлж буй шаналан маань хайр бол яах вэ? Нээрээ магадгүй бидний тэгж их шунан тэмүүлсэн өөрийг олох гэсэн, өөрийгөө сорих гэсэн, зорилгынхоо төлөө явж буй тэр бүх байдал амьдрал биднийг өргөст мод руу хөтөлж тийш очихыг шаарддаг биз. Бид бурууг нь мэддэг ч өвдөхийг мэддэг ч, шаналахыг мэддэг ч тийш зүтгэдэг, тэмүүлдэг. Харин асар их өвдөлтийг давж гарахын тулд бидэнд нэг зүйл хэрэг болдог бид өвдөж, шаналаж буй ч мартдаг, магадгүй өвдөхөө ч больдог байх. Тэр бол хайр. Үүрдийн гэж нэрлэдэг ч үнэн хэрэгтээ нэгээхэн амьдралын өвчин намдаагч. Уг зохиолд маань олон талын хайр гарнаа. Хамгийн эхэнд аавыгаа гэх бяцхан охины, эхнэрээ гэх зөрүүд эрийн, эхийгээ гэх 4 залуугийн, хүүгээ гэх эхийн мөн бурхныг гэх санваартны, санваартныг гэх үзэсгэлэнт бүсгүйн энэ бүх хайр л тэдний бас миний зовлон шаналалыг мартагнуулсан. Асар олон зүйлс болж өнгөрсөн. Би ердөө 7 хонож байхад зохиолын маань цаг хугацаа өдрөөр биш жилээр өнгөрч миний туулаагүй 50 жилийн амьдралыг агуулсан. Асар их ганцаардал, уйтгар гуниг, уй гашууг агуулж байсан. Бас тайтгарал, баяр баясал, инээдийг ч багтаасан.
Надад таалагдсан хэсэг:
Үхлийн тухай мэдэх зүйл охинд маруухан байв. Ухаан санаанд үл багтах нөгөө ертөнц гэгчид түүнийг юу хүлээж байгаа бол? Мэггигийн хувьд шашин бол амьдралдаа баримтлах дэг журмын номлол байснаас өөрцгүй. Үхэл гэж дуусашгүй шөнийг хэлдэг юм болов уу? гал дүрэлзэх ангалын дээгүүр харайж, цаана нь шаргалтах алтан талд хүрэхийг хэлдэг юм боловуу? эсвэл үхэл гэж тоолж баршгүй олон өнгөт шилэн цонхоор нь гэрэл тусаж дотор нь хөгжим эгшиглэх аварга том хийлсэн бөмбөлөг юмсан уу.
Мөн хайрын талаар
Людвигээс бусад бүх эрийг чөтгөр аваасай. Людвиг бүсгүй хүн шиг өр зөөлөн, мэдрэмж сайтай болохоороо л бусдыг хайрлаж чаддаг байх даа. Магадгүй Люкийн зөв ч юм билүү, хайр гэдэг авгай нарын зохиосон хий хоосон мөрөөдөл юм болов уу? Эсвэл зөвхөн эмэгтэйчүүд, эмэгтэй хүн шиг мэдрэмжтэй эрчүүд л хайрлаж чаддаг юм болов уу?
Сонин шүү. Эрэгтэй хүн чин сэтгэлээсээ эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг болов уу?
Comments
Post a Comment